Чамайг зурлаа

Хагдрахаа мэдэхгүй яарч ургадаг хаврын хөх яргуй шиг
Хэврэгхэн залуу насаа зургийн дэвтэр мэт дэлгэж
Хэзээ ч үл дундрах дурсамжуудаа бийр болгон гартаа барьж
Хичнээн их асгарсан ч хэмжигддэггүй нулимсаа будаг болгон ашиглаж
Чамайг зурлаа
Халуухан үнсэлтийг чинь хагдарч унасан навчистай адилтгаж
Хайр гэж доод талд нь сэтгэл догдлон бичлээ
Хачин гунигтай харцыг чинь намар оройн бороотой зүйрлээд
Хагацал гэж нулимс дуслуулан хажууд нь сийлж үлдээлээ
Хэтэрхий богинохон хэрнээ сэтгэлээс хэзээ ч үл арчигдах
Хөөргөн дэвэргэн тэр өдрүүдийг аянч шувуудын далавчинд дайж
Навчсаар шуурах намрын ой шиг сэтгэлдээ хурсан гунигийг цуглуулж
Намайг мартаж чадаагүй тэр л хөвгүүнийг тодоос тод зурлаа
Эхлэл, төгсгөл, үргэлжлэл энэ зурганд байхгүй
Итгэл хүсэл, мөрөөдөл ч бас байхгүй
Зүгээр л дурсамж болон хөврөх зурагны зүүн доод буланд
Зүггүй залуу нас гэж тас хараар бичээд нулимсаа арчлаа

 

Нулимс болоод урсчихсан

Чиний харцанд би чихэр шиг уусаж

Чимээгүйхэн нулимс болж нүднээс чинь тасарсан

Энгэр дээр чинь борооны дуслаас ч аниргүйхэн шингэж

Элэг зүрхэнд чинь гуниг болон тогтсон

Хэзээ ч чи намайг мартахааргүй болсон

Хэврэгхэн дурлал байсийм гэж мэтгэхээргүй болсон

Уруулынхаа хээг чиний хацарнаас арчиж хаясан ч

Учирлаж хэлсэн үгээ би зүрхэн дээр чинь сийлчихсэн

Бодолгүйхэн, хэнэггүйхэн залуу насыг  намрын навч шиг гээж орхисон ч

Богинохон даашинзтай 16 насаа чиний дурсамжинд өлгийдсөн

Салаа замын үзүүрт зангидаж үлдээсэн учирлыг

Сар жилүүдийг үл тоож санаж хүлээсэн мөчүүдийг

Хайр гэдэг дөрөвхөн үсгэнд холбоод

Хагацал гэдэг ганцхан үгээр хэлхээд

Хэзээ ч үл мартах сэтгэлийнхээ чандад нуучихсан

Хэн ч одоо биднийг олохооргүй болсон

 

Хуурамч эрчүүдийн төлөө хундага дарс өргөхөд ч хайран санагдаад байна

Гэргийгээ гэртээ үлдээчихээд
Гэгээ тасарсан хойно айлын эхнэрлүү гэтдэг
Сахлын хутгаа хэзээ ч мартаж үзээгүй хэрнээ
Сар шиг алсад бяцхан үрсээ орхиод явчихдаг
Үргэлж мөнхөд гуниг шингэсэн нүдтэй
Үгүйсгэж мартахгүй байхын аргагүй гэмгүй төрхтэй
Ялдам үг уруулаас нь аргамжаатай
Янагийн халуун үнсэлт хацарт нь наалдаастай
Итгэж гэмээнэ алдаж байж салах
Ирнээ гэж хүлээх юм бол нэг нас багадах
Хайрлаж гэмээнэ хагацал заавал амсах
Хаврын тэнгэр шиг тогтворгүй ааштай
Хуурамч баг зүүсэн эрчүүдийн төлөө
Хундага дарс өргөхөд ч хайран санагдаад байна
Тэдний хойноос унагасан бүсгүйчүүдийн нулимсыг цуглуулж
Тэнгэрээс бороо болгон асгаж гэмээнэ
Манай нутагт гурван жил гашуун үер бууна даа гэсэн
Манант бодол зүрхийг минь ураад байна
Хуурамч баг зүүсэн эрчүүдийн төлөө
Хундага дарс өргөхөд ч хайран санагдаад байна

Би явлаа...

Битүүхэн гунигаа өөртөө хадгалж
Бэтгэртэл санаж байснаа чамаас нууж
Зангирч асгарах нулимсаа залгиж
Замын унаанд дайгдаад холоо явлаа
Би явлаа
Саналаа гэж худлаа хэлэхэд чинь догдлохгүй
Салахгүй гэж нулимс урсгахад чинь аргадахгүй
Үгүйлж байна хэмээн ярихад чинь уярахгүй
Үнсэлтийг чинь хацраасаа шударч арччихаад би явлаа
Зовлон шаналал бүхнийг чинь алгандаа тосож
Зоргоор гэнэн насаа чиний өлмийд дэвсэж
Дэрэн дээр минь өглөөний нар чамтай хамт манддаг гэж итгэсэн
Дэвэргэн хөөргөн хайраа буцааж аваад явлаа
Би явлаа
Нулимсыг чинь арчдаг жижигхэн гарыг
Нүдэн дээр чинь үнсдэг дулаахан уруулыг
Амьсгалаараа чамайг бүлээцүүлдэг зөөлхөн сэтгэлийг
Алдаа бүхнийг чинь уучилж чаддаг тэр хайрыг
Дурсамжинд нь баглаж сэтгэлдээ тээгээд
Дутуу аялсан дуугаа гүйцээж чадалгүй буцлаа
Би явлаа
Битгий л зовж үзээрэй амраг минь

Сүүлчийн бороо цас болж хувирсан энэ өдөр...

Яг л чиний үнсэлт шиг хүйтэн

Ял гэмээс зугатаах мэт яаруу

Ахиж эргэж ирэхгүй юм шиг хөндий хоосон

Асгарч, цутгаж байгаагүй юм шиг хуурмаг

Сүүлчийн бороо цас болон хувирсан энэ л өдөр

Сүүлчийн учрал дурсамж болон үлдлээ

Сэмэрхий хадаг шиг эмзэгхэн сэтгэл дээр минь

Чимээгүйхэн унасан цасан ширхэг хайлж чадахгүй дагжиж хоцорлоо

Сүүлчийн цас бороо болон хувирнаа хүү минь

Сүүлчийн удаа харин чи бид уулзах болов уу?

 

Алдааг минь засаад өгөөч...

Намрын нуур арван дөрвөн удаа шувуудаа үдэж

Навчсаа гээх модод арван дөрвөн удаа шаргал өнгөөр тунарч

Анхны цас сүүлчийн бороог арван дөрвөн удаа цонхон дээрээ угтаж

Аминчилж хэлсэн хайрын үгсийг чинь арван дөрвөн жил цээжиндээ хадгаллаа

Холыг зорьсон шувууд нуураа арван дөрвөн удаа эргэж

Хагдарч унасан навчис арван дөрвөн хавар модоо чимэн нахиалж

Сүүлчийн цас анхны бороонд арван дөрвөн удаа халаагаа өгчихсөн байхад

Сүү шиг гэгээхэн хайр амласан атлаа чи л энд алга

Ганцаардал дунд үлдсэн миний цор ганцхан хайр

Гал шиг асаж, гол шиг урсах цаг хугацаанд элэгдсэнгүй

Чилийтэл хүлээлгэсэн арван дөрвөн жилийн дотор

Чамайг гэсэн сэтгэл минь л ээдэж гашилсангүй

Ахиад чамайг хичнээн жил хүлээх ёстой бэ амраг минь

Алдааг минь засаад, богинохон тэр учирлыг баллуурдаад өгөөч миний сэтгэлээс...

Дахиад л ганцаараа...

Хаалга тас савж

Харцыг минь салхи ороолгож

Бүтэлгүйхэн залуу насыг минь

Бүтэн болгож байсан тэр хүн алга

Урд шөнийн жаргал зүүд болон замхраад

Уучлал гуйж үзээгүй сэтгэл ганцаардалд хөвөөд

Өнчирсөн зүрх минь яг л намрын навч шиг өнгөөн алдаад

Өчнөөн удаан хүлээсэн учрал өнгөрсөн цагт гээгдэж үлджээ

Цаг хугацаа надаас уйдаж ядахдаа

Цагаан алчуураар тэргүүнийг минь бүтээж

Зовлонд бууж өгөөгүй зөрүүд аашийг минь номхотгохын тулд

Зөвхөн дурсамжийг минь тэврүүлээд үлдээжээ

Шархалсан зүрхээ чиний харцаар эдгээж...

Уруул дэлгэхгүй, уучлал гуйхгүй

Ухаангүй хайраа хэнд ч нээхгүй

Урсах нулимсаа дотогш нь залгиад

Учралын тухай үлгэрийг чандын чанд нууна

Нүдний чинь гэгээнд шүлэг тэрлэсэн

Нүцгэн шөнүүдийг мартаж орхино

Шанзны өнчин утас шиг хөндүүрхэн сэтгэлдээ

Шагнал болгож чиний нэрийг шивнэж үлдээнэ

Шархалсан зүрхээ  харцаар чинь эдгээж

Шарлаад хагдарсан навчисын дууг дуулж өгнө

Хайртай гэж хэзээ ч чамд хэлэхгүй...

Нүүж яваа үүлэнд

Нууж унагасан нулимсаа дайлаа

Нууцхан гуниг минь бороо болоод

Нүцгэн шөнө цонхон дээр чинь асгарч байгаа

Хэлж амжаагүй хайрын үгээ

Хээрийн цэнхэр салхинд нуулаа

Эрх хонгор тэр  салхи

Эхнэрээс чинь нуугдан нүдэн дээр чинь үнсэж байгаа

Амьдрал болоогүй гэгээн хайр

Ахиж хэзээ ч уулзахгүй богинохон учрал

Эрээн даашинзны өнгөтэй хээнцэр өдрүүд

Эргэж ирэхгүйгээр тэнд хоцорсон

Хайртай гэж уруул дэлгэж чамд би хэлэхгүй

Хагацлын тухай үлгэр амар сайхандаа жаргахгүй

Чамд л ганцхан удаа өгсөн энэ хайрыг би

Чандын чанд сэтгэлийнхээ үзүүрт нуучихсан

Сэмэрч үл барагдах итгэлдээ бөхлөж

Сэрж чадахгүй зүүднийхээ гүнд аргамжчихсан

Хайртай гэж хэзээ ч чамд хэлэхгүй

Хагацал хийгээд учирлын тухай чи мөрөөдөх хэрэггүй

 

 


Хайргүй хүний өвөр лүү би нислээ

Хайгаад хэрэггүй дээ чи намайг олохгүй
Хайргүй хүний өвөрлүү би нислээ
Учирал хагацал баяр гунигийг өөрөөсөө нууж
Ухаангүй энэ дурлалаас залхаж эхэллээ
Эрээд ч хэрэггүй дээ би чамаас бүрмөсөн явлаа
Эцсийн удаа гэж бодоод энгэрээ нортол уйлчихлаа
Мөрийг минь дэрлээд суухдаа ч өөр хүнийг мөрөөдөж байдаг
Мөстөж гүйцсэн энэ хайраас би зугатаахаар шийдлээ
Хөндий, бардам ихэмсэг тэр залуу руу би нислээ
Хүйтэн л байгаа даа тэнд гэж бодохоос айж байна
Далдалсан гунигаа инээмсэглэлээр чимж
Даруухан, хуурамч төрхтэй айлын гэргий болж суухаар шийдлээ
Хайгаад хэрэггүй дээ чи намайг олохгүй
Хайргүй хүний өвөрлүү би нислээ

Дурлал чи хоцорсон байна

Гучин настай бүсгүйд өгөөмөр гараа дэлгэж
Гуниг шингэсэн нүдтэй тэр хархүүг чи надруу илгээсэн байна
Гомдол дүүрэн амьдралд хөл алдан сөхөрсөн бүсгүйг
Гудамжны буланд од ширгэтэл болзоонд зогсоон даажигнаж
Бээрсэн гарыг минь амьсгалаараа бүлээцүүлэх
Бодолгогүй гэнэхэн нэгнийг элч болгон зарсан байна
Хэзээ ч амьдрал болохгүй энэ дурлалд
Хэрсүүжиж томоожоогүй зүрх бууж өгөхгүй байна
Аашны сайхан харцны зөөлхөнд уярчихаад
Алдуурсан унага эхрүүгээ тэмүүлэх шиг цээжиндээ багтахгүй дэнсэлж байна
Хаврын зөөлхөн салхитай хамт хаалга татсан анхны хайр шиг
Хачин их догдолж, сэтгэл гижигдээд байна
Оройтсон хайр, хожимдсон учирал, орь залуу насны дурсамжийг сэргээж байна
Одоо боллоо, дурлал чи хоцорч ирсэн байна
Заяа заяагаа дагасан тавилан гэж байдгаас бус
Зайгүй дотноссон сэтгэлд хагацал гэж байдаггүй
Мөр мөрөө дагасан амьдрал гэж байдгаас
Мөнхийн залуу хайранд сүйрэл гэж байдаггүй
Ялдамхан ханхүү минь одоо сэтгэлийнхээ хаалгыг хаа даа
Яг одоо оройтож ирсэн дурлалын тухай мартацгаая

Намайг санаарай

Хөв хөх тэнгэрт хачин их дуртай

Хөөрүү гэгэлгэн насыг минь битгий мартаарай

Сэтгэлээ дэлгэж чамруу л тэмүүлсэн

Санааширч уйлж, уярч догдолсон сайхан хайрын түүхийг битгий мартаарай

Мянган жил амьдрах ч биш дээ амраг минь

Миний сэтгэл надтай хамт л авслагдана

Борооны дараах солонго шиг богинохон

Борог өвсний амь шиг хэврэгхэн

Яргуйн хөх дэлбээ шиг эмзэг турьхан

Янаг хайрын түүх өөрөө дэндүү нимгэхэн

Өчүүхэн цөөхөн хоног би чамайг хайрлаж

Өвс ногооны бордоо болоод л орчлонгоос буцчихна

Зүрхээ сэмлэн чамд дурлаж, нулимс унагаж явсан

Зүггүй хайрын түүхийг тэр цагт хэн ч мэдэхгүй үлдэнэ

Гар гараасаа хөтлөөд он жилийг хамтдаа туулж

Ганцхан чамайг л хайрлах гэж тэмүүлсэн

Дэндүү гэгээн хайрыг минь битгий мартаарай

Дэвэргэн хөөрүү насны алдааг минь уучлаарай

 

Одоо чи намайг танихгүй

Цаг хугацаа намайг өөрчилчихсөн
Цагаахан итгэл минь гандчихсан
Хүлээсээр суутал нас минь онгож
Хүсэл мөрөөдөл минь урсаж одсон
Хацарт минь наалдаж үлдсэн чиний ганц үнсэлт
Хачин хүйтэн салхинд хийсчихсэн
Чамайг харахаараа хөөрч догдолдог дэврүүхэн охин
Чанагш урсах цагийн эрхээр намба сууж өтлөсөн
Зүрхэндээ эдгэж анидаггүй хайрын шархтай
Зүүдэндээ ч учирч чаддаггүй дурлалын хүлээстэй
Дуулаад ч уярч ханадаггүй сэтгэлийн манантай
Уйлаад ч гомдож чаддаггүй гашуун дурсамжтай
Арван гурван жилийн турш сэмэрч барагдаагүй сэтгэлдээ
Аль эртний мартагдаж өгдөггүй гунигтай
Хачин их өөрчлөгдсөн
Хайгаад ч чи намайг олохгүй
Огт өөр хүн болсон
Одоо чи намайг танихгүй...

Хэ хэ нууц амрагийн тухай шүлэг захиалсан ss_gogo-гийн хүсэлтийг биелүүлэв

Эхнэртэй эрд

Энгэрийн чинь түшээд дуул юу гэтэл

Энгэсэгний  хээ цамцанд чинь наалдчих гээд байна

Учирлын тухай шивнэн байж ярь юу гэтэл

Уруулын будаг минь  шанхан дээр чинь үлдчих гээд байна

Эхнэрийн чинь  сэтгэлд сэв болж тогтох энэ толбоноос

Эхүүн нулимсны амт мэдрэгдээд  байна

Оройтсон болзоонд зүрх яаран тэмүүлэвч

Очих цаг минь болоогүйг мэдэж байвч

Алдуурч одсон  сэтгэлийнхээ үзүүрийг хумиад

Алсын алсад орших өөрийн гэрлүүгээ явлаа би

 

Хайгаад хэрэггүй, хаанаас ч чи намайг олохгүй

Туучаад өнгөрөх  цаг хугацааны эргүүлгэнд

Тулж, ганцхан удаа чи надтай тааралдсан

Хайрын дарс хичнээн сөгнөөд нэмэргүй

Харуусал бас гунигийн дуу дуулаад хэрэггүй

Зөнгөөрөө бардам ааш минь гал шиг халуун

Зөөллөх гэж хичнээн оролдоод чи дийлэхгүй

Зоргоороо омголон хүсэл минь гол шиг урт

Зовлонт хайрандаа чи аргамжиж чадахгүй

Хайгаад хэрэггүй дээ чи намайг хаанаас ч олохгүй

Хайрын тухай сайхан үлгэрт тэр итгэхээ байчихсан

Нулимс дагуулсан хагацал түүнийг өөртөө шингээж

Нуугдаж үнссэн уруулын амтыг тэр мартчихсан

Бал бурмын амттай нялуун үгэнд тэр дургүй

Бардам зан, омголон хүслийг нь чи хазаарлаж чадахгүй

Хайгаад хэрэггүй дээ чи намайг олохгүй

Хайрын тухай сайхан үлгэрт тэр итгэхээ байчихсан

 

 

Чамайг хайрлах гэсийм..

Хад хүртэл цуулдаг тэр хайрын хүчийг мэдэрч

Хачин зөрүүд чиний мөрийг чинь дэрлээд жаргах гэсийм

Ганцаардсан сэтгэлдээ мөрөөдлийн од харвуулж

Ганцхан удаа чиний энгэрт эрхлэж дуулах гэсийм

Хайруу өвлийн жавар шиг энэ хатуу амьдралаас зуны нарны илч хайж

Харамсал гуниг хоёрыг мартаад чамайг би хайрлах гэсийм

Зүрх сэтгэл чинь эзэнтэйг мэдсээр байж

Зөрүү заяаг аргадаж, дурлалын хөлд сөхөрч үзэх гэсийм

Гуниг баярын дэнсэн дээр чамтай хамт алхаж

Гучин насны босгон дээрээс ганцхан чамайг хайрлах гэсийм..

 

Цаг хугацаанд чамайг даатгаж үлдээлээ амраг минь

Яг одоо гарыг чинь дэрлээд

Ялдамхан мишээх оддыг ширтмээр байна

Үнсэж аргадсан уруулын чинь амтанд согтуурч

Үймэрч хоцорсон сэтгэлээ аргадмаар байна

Хэзээ ч минийх болохгүй тэр амрагийг болзоонд хүлээж

Хэтэрхий оройтож учирсан хайрандаа бүдэрч

Санахын ялаар өөрийгөө шийтгэж байгаагаа мэдэж байвч

Санахгүй байж чадахгүйдээ шаналж байна

            Үймүүлж орхисон үнсэлтийг чинь

Үгэнд чинь орооцолдож үлдсэн сэтгэлээ

Цагдаж хорих гээд чадахгүй байна

Цаг хугацаанд чамайг даатгаж үлдээлээ амраг минь

 

Шийтгэл мэт санахын ялнаас өөрийгөө чөлөөлмөөр байна

Зүгээр л санаа алдаж

Зүггүйхэн зүрхээ эрх чөлөөгөөр шагнамаар байна

Шил мэт бутарсан хайрыг эвлүүлж

Шийтгэл мэт санахын ялнаас өөрийгөө чөлөөлмөөр байна

Буцах шувуудын нулимстай өдөөр

Буцах хаяггүй захидал бичиж

Дүрсгүйхэн сэтгэлээ бас нэг удаа хуурч

Дүүрээд асгардаг нулимсаа эгшээмээр байна

Санчигний чинь үсээр тоглож жаргадаг

Салхи болон энгэр дээр чинь асгармаар байна

 

Хацарт минь чиний ганцхан үнсэлт үлдэж..

Дэргэд минь чи алга, дэр минь өнчирч үлдсэн байна
Дэлгэж орхисон сэтгэлийн хаалга аль эрт хаагдчихсан байна
Гэрэл цацруулан орж ирсэн тэр хүн
Гараад явахдаа сүүдрээн хүртэл үлдээгээгүй байна
Халуухан тэвэрт нь наалдаж жаргадаг байсан хөөрүү сэтгэлийг
Харцанд нь уусаж эрхэлдэг байсан тунимхай нүдийг
Халуухан алганд нь бүлээсэж тайтгардаг тэр итгэлийг
Хачин их гуниж, хачин их тэмүүлсэн тэр дэврүүхэн бүсгүйг
Дүүрэн хайраар өөрийгөөн хөглөсөн хөнгөн гэнэн насыг
Дүрэлзэн асаж байсан хайрын галыг орхиод явчихаж
Дэрсний сүүдэрт хүртэл чамтай багтаж амьдарна гэж мөрөөдсөн
Дэврүүхэн тэр бодол минь царцаж эхлэж байна
Хацарт минь чиний ганцхан үнсэлт наалдаж үлдсэн байна
Халуун наранд ч үл бүлээсэх гунигтай харц чинь бас үлдсэн байна
Сайхан дурсамжуудыг минь баглаад үлдээчихэж
Санаж байгаа зүрхийг минь гашуун үгээр хүлчихэж
Салаа замын дундаас тэр эргээд явчихаж
Саяхан л дурлалын дуу цалгиж байсан энэ өрөөнд
Салхины саарал аялгуу л эрх чөлөөгөө эдлэж байна

Богинохон учрал

Үгүйлж санахын жаргал дагуулсан

Үймэрч хүлээхийн зовлон авчирсан

Битүүхэн хайрлаж, чимээгүйхэн шаналсан

Бидэн хоёрын богинохон учрал

Хэнз яргуй шиг өнгөлөг хэрнээ

Хэтэрхий эрт гундаж хоцорсон

Амраг сэтгэл дутаагүй атлаа

Амар сайхандаа жаргаагүй үлгэр шиг төгссөн

Хэн хэнийгээ мартаагүй хэрнээ

Хэрэг болгож ганц удаа хайгаагүй

Зүрх гэдэг нууцын архивт хадгалагдаж үлдсэн

Зүгээр л мартаж чадахгүй шаналж хоцорсон

Чанад алсад орших цаг хугацааны нугачаан дунд үлдсэн

Чи бид хоёрын богинохон учрал

 

(Нийт: 52)